<Бороотой/> | блог : ″Цэнхэр шувуу бид хоёр″ Бороотой блог | creating is fun

″Цэнхэр шувуу бид хоёр″

 Сайн байцгаана уу? Удаан уулзсангүй. Би "Щ" гэх өгүүллэгийн түүвэр номоо хэвлүүлээд хэдийнээ жил гарамын өнгөрчихжээ. Миний номыг сонирхож бас намайг үнэлж авч үншсэн уншигч бүртээ баярлалаа. Харин одоо арай уншиж амжаагүй хүмүүст зориулж нэгэн өгүүллэгээ нийтэлж байна. Таалан соёрхоно уу.


Тэр надруу эхлээд харсан юм.Тайрмал буржгар үс нь шанаагаар нь таталж, бага зэрэг тодруулсан нүд нь гуниглангуй ширтэнэ. Тэгснээ ягаахан уруул нь нээгдэж сайн уу ? гэх авианаар гөлөрчихсөн би цочиж нүд рүү нь харлаа. Би хариуд нь сайн гэж инээмсэглээд урдах кофегоо халбагаар хутгав. Цэнхэр шувуу хэсэг чимээгүй байснаа гэнэт би мартмаар байна, яаж ? гэж асуулаа. Би өндийж хажуу ард хэн нэгэн байгаа үгүйг шалгаж хяламхийснээ эргэж түүн рүү хараад юу мартах гэж ? гэж асуув. Тэр миний дэргэд ирж суугаад түүнийг... гэв. 
Бид хоёр анх их сургуулийн ойролцоох жижигхэн кафед ингэж танилцсан юм. Яриад л суухыг нь би чимээгүй сонсож суух дуртай байлаа. Өмнө нь би тийм охинтой хаана ч таарч байгаагүй билээ. Тийм охин гэдэг нь нэг ижил нүүрээ нүдээ будаж, нэг ижил гял цалд татагдаж, нэг ижил хов жив ярьж, нэг ижил дүр эсгэдэг хэвлэчихсэн бүтээгдэхүүн шиг нэг үйлдвэрийн бараануудаас огт өөр яг л өөрийнхөөрөө гэхэд хилсдэхгүй. Бусдаас өөр ч гэж өөрийгөө боддоггүй болохоор л тэр угтаа өөрийнхөөрөө болчихоод байгаа юм.За түүний талаар миний тайлбарлаж ядсан элдэв сэтгэгдэл ч яахав гол үйл явдалдаа орж уншигч та өөрийнхөөрөө дүгнэсэн нь илүү дээр болов уу.
Бид анх танилцдаг өдрөө өдөржин элдвийг ярилцаж суусан юм. Би өмнө нь хэзээ ч тэгж эмэгтэй хүнтэй яриа нийлж удаан суугаагүйгээ саналаа. Ямар ч хааж нууж, айх эмээх зүйлгүй хачин намуухан сайхан яриа байж билээ. Цэнхэр шувуу нэгэн залууд хайртай болчихсон талаараа эхлээд ярьж өгсөн юм. Дараа нь түүнийхээ талаар бас өөрийнхөө талаар ярилаа. Надад үнэхээр сонирхолтой байв. Учир нь би өөрийнхөө талаар ярихаас илүү хүний талаар, түүний туулж өнгөрүүлсэн амьдралыг нь сонсохыг илүүд үздэг байсан юм. Тэр ярьж би нэгтгэсэн нэг сэтгэгдлээ хэлнэ.
-Би нохойнууд тэжээдэг. Яг л чиний дэвтэрэн дээр байгаа шиг чинь. Тэд ямар жижигхэн байсан гэж бодно. Харин одоо бол аймшигтай том болчихсон бас намайг тоохоо байчихсан. Хоёулаа хоорондоо их арцалдана аа. Намайг хараад л хоорондоо уралдахыг нь яана гэж тэр хэлээд инээмсэглэл тодруулав.
-Аан энэ үү. Манай ээж л одоо хүртэл надад арван жилд авч өгдөг байсан шигээ иймэрхүү дэвтэр авсаар л байдаг юм. Барилгын зураг зурах нь миний мэргэжил болохоор байнга шинэ санаа төрвөл тэмдэглэх гээд үргэлж дэргэдээ гаргаад тавьчихдаг зуршилтай гэх үү дээ.
-Тэгэхээр чи зураг зурдаг байх нь ээ. Намайг зураад өгөөч хариуд нь би чамайг бас зуръя. Гэхдээ харж байгаад биш төсөөлж байгаагаараа. Би зураг зурах дуртай л даа. Гэхдээ бодит байдлыг биш харин төсөөлөл мэдрэмжээ зурах дуртай. Би модыг ингэж зурж байсан гээд цүнхнээсээ дэвтэр гаргаж ирээд зурсан зургаа харууллаа.
Тэр мод бүхний мөчир дээр нүд зурсан байх бөгөөд орчин нь дан цагаан байж хязгааргүй ертөнц мэт санагдуулах ажээ. Дараа нь бид хоёр бие биенээ зурцгаав. Их л хичээнгүй байгаа нь илт. Хөмсгөө зангидчихсан, харандааныхаа ард талаар ширээ товшилж байн байн над руу харж бодлогошроод л. Харин би түүнийг шувуу мэтээр дүрсэлж байв. Хүн биенээсээ шувуу болоод л хаашаа ч юм алс руу нисэж байгаагаар. Бурхан минь тэр үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Миний үзэсгэлэнтэй гэж байгаа нь кино одод шиг биш, загвар өмсөгчид шиг биш юм шүү. Үүнийг харамсалтай нь ганцхан би л мэдэрч чадна байх. Түүнийг өөр хэн нэгэн харвал байдаг л нэг охин, нөгөө хэн шиг гэх мэтчилэн жишиж гарах нь гарцаагүй. Харин миний хувьд тэр хэнтэй ч харьцуулшгүй, хэнтэй ч адилтгамгүй тийм үзэсгэлэн төгөлдөр ажээ.

Дуусчихлаа ! гэж тэр хэллээ. Хараад л уулга алдав. Би нүдээ аниад дээш харчихсан хоёр талд арга билэгийг бэлгэдсэн байх ба эргэн тойрон зөндөө нүднүүд зурсан байв. Харин би түүнд баярласнаа илэрхийлээд өөрийнхөө зурсан зурагаа өгөхөд тэр үнэхээр их баярлаж билээ.

Маргааш нь тэр надад өөрийнхөө дарсан зурагнуудаа харууллаа.Тэнгэрт нисэх шувууд, байшингийн дээвэр, савлуур бас далай байх аж. Би далайг нь интернетээс татаад хэвлүүлчихсэн юм гэлээ. Гайхалтай л харагдаж байна гэж би хариу хэллээ. Тэр далайд дуртай ажээ. Дотор нь сэлэх эрх чөлөөт далайн мөөгнүүдэд бүр ч дуртай. Бас байшингийн дээвэр дээр тамхи татах, далайн давлагаанд, саранд, амьтдад дуртай.

-Ирж явахдаа би нэг эгчид үнэхээр их татагдаад байсан. Тэр нэг тийм дулаахан. Хараад л баймаар, хүрээд л зогсмоор сайхан эгч байсан. Би урьд нь хүнд хэзээ тэгж татагдаж байгаагүй ээ. Яагаад ч юм тэр эгч надад гоё санагдаад би хараад л байсан. Харин тэр эгч зүгээр л цонхоор ширтээд суугаад.
-Сайхан хүн байж дээ.
-Тиймээ.Тэр намайг нэг л сайхан зүйлээрээ татаад байсан. Соронз шиг л.
Харин өөрөө бага багаар ийн татаж байгаагаа мэдээгүй байгаа даа. Учир нь би тэр талаар нэг ч үг ган хийгээгүй юм чинь. Эсвэл мэдэрчихсэн ч байж мэдэх л юм. Цэнхэр шувуу нэг өглөө ирэхдээ жаахан бухимдуу байлаа. Бүх зүйлд дургүй хүрээд байна, надтай байгаа хэрнээ надаас жаахан хол суугаач гээд л. Тэр өдөр надад цэнхэр шувуу далай юм шиг санагдсан юм. Нэг тийм хязгаар үгүй, нууцлаг, гайхалтай бас аймар.Үзэсгэлэнтэй хэрнээ үе үе аймшигтай шуурга дэгдэж давлагаагаа шидлэнэ. Би бас далайд дуртайгаа түүнээс мэдэж авлаа. Нэг ч удаа дэргэд нь очиж үзээгүй, хажуугаас нь хараагүй хэрнээ дуртай байж болдог шүү дээ. Яг л тэгж мэдрэгдсэн юм. Яваандаа тэр ямар амттанд дуртай, ямар хөнжлийн даавуутай, ямар үед тамхи татдаг гэнэт уурласан шигээ гэнэт л инээмсэглэчихсэн байж байдгыг мэддэг болчихсон байлаа.Түүний гэнэт уурладаг шалтгаан нь нэг залуу байсан юм. Бүүр анх надаас би мартмаар байна, яаж ? гэж асуухад хүргэсэн тэр залуу. Би тэр залууг далайд асгачихсан хогтой зүйрлэж төсөөлж байв. Харин цэнхэр шувуу бол түүнээс болж сэтгэл нь хэчнээн их шаналж байгаагаа мэдсэн ч огтоос муугаар төсөөлж чадахгүй бизээ. Надад түүнийг мартмаар байна гэж хэлсэн нь ч мартахыг хүсээгүйдээ л хэн нэгнээс асуусан байж. Мөн бодохыг хүсэхгүй байна гэж өөртөө хэлэхдээ ч түүнийг далдуур бодож л байгааг нь би мэдэж байв. Хэрвээ бодохыг хүсэхгүй асан бол бодохыг хүсэхгүй байна ч гэж бодохгүй байхсан билээ. Ерөөс мартана гэж тэр шүү дээ.
Хэд хоног ажил гарч хөдөөгүүр яваад ирэхдээ би цэнхэр шувууг бодсоор байв. Бид хоёр хэдий утсаар захиа бичилцэж байсан ч уулзахсан гэсэн хүсэл минь дэндүү их байсан юм. Би үргэлж л түүний тухай боддог болчихсон байв. Унтаж байгаа болов уу, кино үзэж байгаа болов уу, ном уншиж байгаа болов уу, зураг зурж байгаа болов уу, юу бодож байгаа бол, юу аялж байгаа бол, юу зүүдэлж байгаа бол, юу мэдэрч байгаа бол, юу хүсэж байгаа бол, яаж байгаа бол, ямар байгаа бол, байгаа болов уу ? гээд л. Ирэнгүүтээ түүнтэй болздог кафе даа байгаагаа хэллээ. Тэр урьдийн л адил орж ирээд миний дэргэд сууж хэд хоногын сонин сайхангаа ярьж гарав. Түүний яриаг л чагнахыг хүсэж байсан тэр их хүсэл минь сая нэг амрав бололтой.
-Ажлаар хэд хоног явсан биш чамайг бүр саначихжээ.
-Юу ?. Арай чи надад хайртай болоод байгаа юм биш биздээ.
-Тийм бол юу гэж ?
-Тийм байж болохгүй ээ. Тэгвэл би чамаас эртхэн зайгаа барих болох нь дээ. Ингэхэд би чамайг зүгээр л түүнийг мартахын тулд ашиглаж байгаа байхгүй юу. Бүх зүйл дуусахаар би яваад өгнө. Харин чи надад хайртай болчихсон байдаг. Тэгээд чи намайг зүхэж хоцорно. Би тийм зүйл болгомооргүй байна. Сайхан найзууд байж болно гэж ярилцсан биздээ.
-Тиймээ. Хэрвээ чамайг хүсвэл сайн найз чинь ч хамаагүй болоод дэргэд чинь үлдмээр байна. Эсвэл чамд хэцүү байвал би зууралдахгүй бас харааж зүхэхгүй чи яваад өгч болно. Чамаас би юу ч шаардахгүй. Харин надаас хүссэнээ авч болно шүү.
-За больж үз... чи ямар сонин юм бэ ?
-Юу нь тийм сонин байна гэж ? Би мэдрэгдэж байгаа зүйлээ л хэлсэн шүү дээ.
-Бүх зүйл чинь миний төлөө юм шиг л...
Цэнхэр шувуу тэгэхэд л хамгийн удаанаараа дуугүй суусан юм. Чимээгүй цонхоор ширтээд л. Хэр удсанг мэдэх юм алга. Гэнэт тэр надруу инээмсэглэж харснаа
-Би кит кат идмээр байна гэв.
Би түүний жинхэнэ нэрийг нэг удаа асуух гэж байгаад амжиж хэлээ хазсан юм. Асуугаад хэрэггүй гэж бодсон хэрэг. Цэнхэр шувуу Цэнхэр шувуугаараа Билгүүн Билгүүнээрээ. Асуусан ч тэр хэлэхгүй байсан биз. 
Намайг найзуудтайгаа нэг их уулзахаа байчихсанг байнга л дэргэд минь шахуу байдаг байсан нэг нөхөр маань сэжиглэсээр Цэнхэр шувууг мэдчихлээ. Тэр тэгээд л элдвээр үргэлж шалгаадаг боллоо. Тэр чинь тэгээд хэр хөөрхөн юм бэ ? Та хоёр учир ургуулсан уу ? Ийм удаан уулзчихаад юугаа хийгээд байгаа юм бэ ? Би байсан бол ч...чи ганц бие байсаар залхахгүй байна уу ? арай унтчихсан юм биш биз дээ ? гээд л. Асуух бүрт нь эхлээд дургүй хүрдэг байснаа дараа нь инээд хүрдэг боллоо. Учир нь тэр хэзээ ч миний мэдэрч байгааг мэдрэхгүй шүү дээ. Ингээд л Цэнхэр шувуутай ярилцаад л дэргэд нь сууж байх ямар их аз жаргал гэдгийг тэр мэдэхгүй л дээ. Мөн тэгж асууж байгаа нь түүний ч буруу биш. Найзаасаа л өөрийнхөө бодож байгаагаараа шалгааж  байгаа нь тэр. Харин Цэнхэр шувуу надтай уулзаж байгаа талаараа хэнд ч мэдэгдэх дургүй байсан юм. Надад өөрөө л алга болчихгүй бол ямар ч хамаагүй байсан юм чинь асуудал байсангүй.
Би шувуу загас хоёрын тухай үлгэр бичсэн гэж тэр хэллээ. Тэгээд надад математикийн хичээлийнхээ дэвтрийн ард жирийтэл бичсэн зүйлээ уншуулав.
Шувууд голоос загас жараахай агнаж байв. Гэтэл Бусдаасаа арай цэнхэрдүү өнгөтэй шувуу голд тэднээс ерөөсөө айхгүй сэлэх нэгэн загасыг олж харжээ. Тэр загас их л тайван сэлж түүнийг нь аль ч шувуу анзаарахгүй бас өөрөө ч шувуудыг анзаарахгүй байх аж. Тэр загас луу шувуу дөхөж очоод асуужээ.Чи яагаад зугтахгүй байгаа юм бэ ?. Загас хариуд нь юу ч хэлсэнгүй. Бүр нүдээ ч цавчсангүй.Чимээгүй л байсаар байв. Хөөс л хааяа гаргана.Шувуу түүнийг харсаар л байв. Ижил сүрэг нь ч хэдийнээ гаагалсаар нисэлцэн оджээ. Загас ч түүнийг ажигласаар байгааг анзаарав.Шувуу түүний айхгүй байгаад нь дурлачихав. Тэгээд л тэр өдрөөс хойш өдөр бүр уулздаг болов. Загас ямар ч сэтгэл хөдлөл үл үзүүлнэ, юу ч эс ярина.Харин шувуу өөрт тохиолдсон сонин сайхан, замын адал явдлуудаа ярьж гардаг байлаа. Чингэхдээ тэр хоёр бие биендээ мэдэрдэг байв.Нэг ч үг сольж үзээгүй мөртлөө бие биендээ хайртай гэдгээ мөн хамтдаа байхдаа ямар сайхан бэ гэдгийг шууд л хараад ойлголцдог байв. Шувуу хэдий нүүдэллэж явах ёстой ч гэсэн тэндээ байсаар л байлаа. Намар, өвөл, хавар, зун гээд л байсаар л байв. Тэгсээр дараа жилийн намар болжээ. Шувууны сүргийнхэн нь нүүдэллэх замдаа өнөөх голоор дайрч явж гэнэ. Тэгэхдээ үлдчихсэн өнөөх шувууг хараад загасанд хайртай болчихсон байгааг анзаарчээ. Энэ үнэхээр байж болох зүйл үү ? гэж хоорондоо хуралдав. Үүнээс болоод хун шувуу биднийг тоож ч харахгүй болчихвол яах юм бэ ? Адгийн муу хэрээ биднийг шогловол яах вэ ? Зөвхөн идэх л ёстой зүйлдээ хайртай болно гэж юу гэсэн үг вэ ? Ер нь түүнийг ижил сүргээсээ хөөх хэрэгтэй харин загасыг алах хэрэгтэй !. Тэд ингэж шийдээд өглөө хүртэл урт замын алжаалаа тайлахаар амарцгааж гэнэ. Харин тэдний энэхүү хурлыг загас сонсчихоод хайртай шувуундаа ойлгуулах гэж хэчнээн сүүлээрээ ус шавхуурдсан боловч нэг л ойлгож өгсөнгүй. Тэгээд загас үүр цайхаас өмнө хэн хэнийхээ хайр дурлалын төлөө тэр голоос явахаар болжээ. Хамгийн сүүлчийн удаа шувуу руу хамгийн гунигтайгаараа хараад сүүлээ шарваад цааш явж гэнэ. Гэтэл шувуу түүнийг цааш явахыг хараад хэчнээн болиулах гэсэн боловч загас зөрсөөр цааш оджээ. Харин өглөө болж шувуун сүргийнхэн сэрээд загасыг хайж эхлэхэд цэнхэр шувуу сая л бүгдийг ойлгож хайртыгаа хайхаар алс одож гэнэ. Яаж ч хайгаад, яаж ч орилоод загас харагдсангүй ээ. Тэгээд шувуу эцсийн арга аа хэрэглэж хайртыгаа олохын тулд өөрийн алтан амиа үл тоож хязгааргүй далайн гүн рүү шумбан оржээ. Түүнээс хойш хэн ч тэднийг дахиж харсангүй. Нэг бол загасыг олж хамтдаа ямар ч шувуу загасгүй газар аз жаргалтай байгаа. Эсвэл хайраасаа амиа илүүд үзсэн загас хаа нэгтээ байж аминаасаа хайраа илүүд үзсэн шувууны цогцос далайн давлагаанд дээр хөвж яваа. Би уншиж дуусаад юу хэлэхээ мэдсэнгүй.
Тэр нэг гэрэл гэгээт сайхан өдөр Цэнхэр шувуугын ирүүлсэн захиа нь харанхуй бүрхэгт намайг автуулж орхив. Чамтай дахиж уулзахгүй гэсэн байх ажээ. Би ч хүрмээ шүүрч аваад л өнөөх кафе руугаа хар хурдаараа гүйчихлээ. Хаалгыг нь хар хүчээрээ татсаар орвол тэр бидний суудаг газар сууж байв. Би амьсгалаа дарсаар очиж түүн рүү зовонгуй харвал суугаач гээд урьдынхаараа л инээмсэглэв. Гадаа үнэхээр сайхан өдөр байх ажээ.
Маргааш нь тэр томоо хар шил зүүчихсэн ирлээ. Өнөөх залуугаа бодоод уйлжээ гэж гадарлав.
-Тэнэг ааш муутай, зөрүүд, муухай эрх, олон ааштай, нэг дургүй хүрвэл тэгээд л барьж байснаа шидчихнэ.
-Чи тэгээ юу ? гэхэд тэр надруу инээмсэглэж
-Тийн. Өчигдөр уйлсан гэлээ.
Түүний сэтгэлд ямар нэгэн гайхалтай зүйл нуугдаж намайг татсаар байгааг би мэддэг байсан юм. Харин наана нь гаргадаг цаг зуурын зан ааш, үйлдлүүд бол зүгээр л өнөөх сэтгэлд нь наалдчихсан зүйлийг авах гэж тарчилж байхдаа гаргаж буй хариу үйлдэл билээ. Харин би тэр залууг нь хэрхэн мартахад нь туслахаа ч мэдэхгүй байсаар л байв. Бүр анх л надаас асууж байснаас хойш одоог хүртэл хэр удсан юм бүү мэд. Би түүнээс надад өгөх аз жаргалд нь ташуураад зовлонг нь нэг их тоохгүй байсан байжээ. Би яаж тэгж чадав аа ! гэж өөрийгөө зүхэж эхэллээ. Хараал идсэн амиа бодогч юм даа би ч. Түүний сэтгэл цус алдсаар л байгааг би улам л мэдрэх болов. Зургийн дугуйлан ,бүжгийн сургалт, иог гээд л зөндөө зүйл санал болгов. Тэр тиймэрхүү зүйл оролдохоос илүү тагтан дээр тамхилах эсвэл нохойгоо дэрлэж унтахаа илүүд үзнэ. Гол нь ганцаараа л байж болохгүй болчихоод байв. Ганцаараа байх үед л өнөөх залуугийн тухай бодол толгойг нь ээрч зовоодог байсан юм.
-Цэнхэр шувуу чи надтай болзоонд явахгүй биз ?
-Чамд хэлсэн биз дээ. Надад хайртай болж болохгүй гэж.
-Үгүй дээ. Зүгээр л тэр залууг чинь мартуулахыг хүссэн юм аа. Дараа нь намайг үзэн ядсан ч болно хамаа алга.
-Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй...
-За ойлголоо.
Тэр үүний дараа нэг хэсэг тун ч жаргалтай болчихов. Өөрөө хэлэхдээ зүгээр л сайхан байна гэлээ. Харин ярианаас нь эмээ өвөө хоёр дээрээ очсон болохыг нь мэдсэн юм.Эмээ нь цэцэг тарих дуртай өвөө нь гар урлал хийдэг.Тэр гэр бүлийнхнийхээ тухай ярихдаа үргэлж инээмсэглэсэн байдаг байлаа. Би морь зурсан гээд надад дэвтрээ гаргаж харуулав.
-Энд нэг ч морь алга байна шүү дээ.
-Тэр тусмаа морь байхгүй юу.
-Яагаад морьгүй тусмаа морь гэж ?
-Мориноос бусад нь байгаа болохоор морь байхгүй юу.

Би инээмсэглээд өнгөрөв. Учир нь нэг их ойлгож өгсөнгүй.Маргааш нь би ажлаа эртхэн амжуулчихаад уулздаг кафе даа яаран очвол цэнхэр шувуу алга байлаа. Оюутан болохоор хичээл нь тараагүй байж гэж бодоод хүлээсээр л суув. Өдрийн талыг ганцаараа суусны эцэст нь түүн рүү залгавал надтай дахиж хэзээ ч уулзахгүй гэх нь тэр. Тиймээ тэр тэгж хэлсэн. Их л ууртай цаанаа гуниглангуй сонсогдсон билээ.



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
ekwator (зочин)

Сайхан бичжээ.Чамд дурлах нэг гол шалтгаан нь энэ юм ш дээ. Чи бусдаас өөр хөгжим....

unshigch (зочин)

Сайхан өгүүллэг байна баяр хүргье. Миний бодолоор "өөрийгөө боддоггүй болохоор л тэр угтаа өөрийнхөөрөө болчихоод байгаа юм" энэ тодотгол аймшигтай хямдхан санагдлаа. Түүнээс хөврөөд хямдхан хямдхан хямдхан гэсэн үргэлжлэлүүд, төгсгөл нь ч шуурга шиг хийсээд алга болчихсон. Гэхдээ л уншиж дууссаны дараа ч тэр цэнхэр шувуу айдастай,гутралтай нөхрөлсөөр түүний доторх загас,шувуу хоёр дуусвал аймшигтайяа гэсэн бодол үүнийг бичиж байхад ч бодогдсоор л байна. Бодолд хүрнэ гэдэг сайхан зүйл амжилт хүсье

Бөби

Баярлалаа.

goyeej

Хэдхэн хоногийн омно номыг чинь авч уншсан , маш их таалагдсаан амжилт :))

Degdeekhei (зочин)

Busdaas uur gej uuriiguu boddoggui bgaa bolohoor l ter uur bgaa yum gedeg harin ch hamgiin ih taalagdlaa...
Bas tsenkher shuuwuunii morinii zurag yasan hugjilteim be. Morinoos busad n bgazde geedluu.
Bas setgeld min oir bdag neg erhemteigee dandaa uulzdag neg gazartsi boloy gej shiidlee...
Minii nasnii hunii bichseniug unshih, uran zohiol ruu temuuleh asar ih huslee ingeed biyluulj bgaa chin saihan yumaa.

ter shuwuu (зочин)

ter bol tsenher shuwuu ter bol busdaas uur negen

hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh (зочин)

хөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөхххххххххххххххххххххххххххххххххххххххххх

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)